БАЯН-ӨЛГИЙ: БНСУ-ын Чангшин их сургуулийн удирдлагууд Өлгий хотод ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чангшин их сургуулийн захирал И Уон Гун, тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Чин Хье Вом, Удирдах зөвлөлийн гишүүн Чуе Гёон Хи, Гадаад оюутныг дэмжих төвийн дарга Ж.Серикжан нарын хүмүүс энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Энэ намраас Баян-Өлгий аймгийн 30 сурагч БНСУ-ын Чанган хотын Чангшин их сургуульд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт эдэлж суралцахаар болсон ба одоо тус улсад хэлний бэлтгэлд хамрагдаж байгаа.
Уг ажлыг аймгийн ЗДТГ болон Чангшин их сургуулийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж байгаа тул аймгийн Засаг дарга Д.Бауыржан сургуулийн удирдлагуудыг аймагтаа зочлохыг урьсан аж.
Зочид өчигдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржантай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Орон нутаг судлах музей, Номын сан, Хөгжимт драмын театрын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд байгууллага, агентлагийн дарга нар, сургуулийн захирлууд, иргэдийн төлөөллүүдтэй уулзаж, тус сургуульд тэтгэлгээр суралцах боломж болон элсэлтийн талаар мэдээлэл өглөө.