БАЯН-ӨЛГИЙ: Орон нутагт боодолтой өвсний үнэ 30 хувиар нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс аймгийн төвд
байрладаг хүнсний зах, худалдааны төвд хийсэн 12 нэр төрлийн бараа
бүтээгдэхүүний үнийн судалгааг энэ сарын эхний долоо хоногийн байдлаар гаргалаа.
Судалгаагаар 3 нэрийн барааны үнэ дунджаар 3.3 хувиар буурсан, 3 нэрийн барааны үнэ 5.9 хувиар өссөн байна. Тодруулж хэлбэл, хонины махны дундаж үнэ 8833 төгрөг болж 1,9 хувиар, үхрийн мах 9666 төгрөг болж 3,3 хувиар, 1 кг нэгдүгээр зэргийн гурил 1886 төгрөг болж 0,7 хувиар тус тус буурчээ.
Харин цагаан будааны үнэ 0,8 хувь (3933 төгрөг), элсэн чихэр 5,9 хувь (3866
төгрөг), боодолтой өвсний үнэ 30 хувиар (13000 төгрөг) нэмэгдэв. Мөн шингэн
сүү, ноолуур, бензин шатахууны үнэ өмнөх долоо хоногийн түвшинд байна.
Тухайн долоо хоногт боодолтой өвсний үнэ 30 хувиар нэмэгдсэн нь анхаарал татаж
байна. Өвсний үнэ нэмэгдэхэд өвөлжилт хүндрэх сургаар орон нутагт эрэлт ихэссэн, өвс татаж байгаа Сэлэнгэ, Төв, Дорнод аймаг, Улаанбаатар хотод
тухайн төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь нөлөөлсөн гэдгийг мэргэжлийн хүмүүс
хэлж байна.