БАЯН-ӨЛГИЙ: Хот тохижуулах албанд машин техник хүлээлгэж өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Аубакир энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Өлгий сумын Хот тохижуулах албанд машин техник хүлээлгэж өглөө.
Аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдэд эрүүл орчинд цэвэр
цэмцгэр амьдрах боломж бүрдүүлэх зорилтын хүрээнд Хот тохижуулах албаны парк
шинэчлэл хийхээр улсын төсөвт 1 тэрбум 700 сая төгрөг тусгасан аж.
Үүний үр дүнд ачих, түрэх трактор, хог ачих өөрөө буулгагч машинууд, 3 тоннын даацтай өргөх, буулгах машин, тарих модны нүх ухах бага оврын трактор, хөрс сийрүүлэгч, усны машин зэрэг 10 машин худалдан авч орон нутагт нийлүүлж байна.
Машин техникүүдийг хүлээлгэж
өгөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн
Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Өлгий сумын Засаг дарга бөгөөд
Хотын захирагч Д.Есболат нар оролцов.
"Аймгийн төвийн иргэд улстөрчид, дарга нараас элдэв олон зүйл хүсээд байдаггүй. Бидний амьдарч буй орчныг аюулгүй, цэвэр цэмцгэр байлгаж өгөөч гэж л хэлдэг. Тэр хүрээнд Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд ярьж байгаад 1,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин техник шийдвэрлүүлж өнөөдөр хүлээлгэн өгч байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан. Гадаад, дотоодын зочид ирэхэд цэвэр хоттой байх ёстой. Мөн Өлгий хотын иргэд цэвэр цэмцгэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Хот тохижуулах албанд шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудал бий. Машин техникүүдийн дулаан гарааш, зогсоолын асуудлыг шийдэх шаардлагатай. Ажилчдын цалингийн нэмэгдлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Эдгээр ажлуудыг 2024 оны улсын төсөвт тусгахаар ажиллаж байна" хэмээн УИХ-ын гишүүн Т.Аубакир хэлэв.