ТӨВ: “Анзаар” аяныг аймгийн хэмжээнд эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-18 17:04:20

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймагт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх #АНЗААР аяныг эхлүүллээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн мэдлэг, ойлголт, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.


Энэхүү аяны хүрээнд сумдад бүсчилсэн сургалтыг зохион байгуулах бөгөөд өнөөдөр Зуунмод суманд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус суманд үйл ажиллагаа явуулдаг 53 төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн 1000 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ үеэр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээллийг өгч байна.


Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Батхуягаас тодрууллаа.

-Монгол Улсад болон Төв аймгийн хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хүргэвэл?

-Монгол Улсад сүүлийн таван жилд 1533 хүн хар тамхины хэрэгт холбогдсон бөгөөд үүний 92,3 хувь нь 13-35 насны залуучууд байна. Төв аймгаас сүүлийн 5 жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт 37 хүн холбогдсон. Мөн Улаанбаатар хотоос Төв аймгийн газар нутагт ургадаг ургамлыг түүж хэрэглэсэн 61 хүн хэрэгт холбогдсон байдаг. Монгол орон хар тамхины төрлийн ургамал ургадаг тархац бүхий газар нутагтай учраас эцэг, эх асран хамгаалагч нарт энэ төрлийн мэдлэг мэдээллийг зайлшгүй өгөх нь зүйтэй байна.

-Анзаар гэх аяны мөн чанар утга нь юу вэ? Яг юуг анзаарах шаардлагатай вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Дэргэд чинь байгаа хүнд сөрөг шинж тэмдэг илэрч байна уу гэдгийг маш сайн анзаарч байх, тэр дундаа өсвөр насны хүүхэдтэй бол зан төрх, гадаад үзэмжинд нь өөрчлөлт гарч байна уу гэдгийг ажиглаж байх хэрэгтэй. Мансууруулах бодис хэрэглэсэн хүнд илрэх энэ шинж тэмдгүүд элбэг байдаг. Мансууруулах бодис хэрэглэсний маргааш нь хүний биед илрэх шинж тэмдэг нь архины шарталтаас 60 дахин илүү байдаг аж. Ингэснээр огих бөөлжих, татах, унах шинж тэмдэг илэрдэг байна.

Харин гоо сайханд муугаар нөлөөлөхдөө шүд, үс унах, арьс хөхрөх цаашлаад өнгөө алдах, хөгшрөлт хурдан явагдах зэрэг байдаг. Мөн хэл ярианы байдалд өөрчлөлт орно, оюун ухааны чадамжид муугаар нөлөөлөх, саажилттай мэт ярих, зан төрхөд өөрчлөлт орж, догшин ширүүн аашлах, хичээл сурлагын байдал муудах, ямар ч хүнтэй харилцах хүсэлгүй болох зэргээр илэрдэг. Иймд анзаарч цагдаагийн газрын тусгай дугаар 116 дугаарт холбогдож мэдээлэх хэрэгтэй. Ингэснээр бид шинжилгээ хийж ямар нэгэн зүйл илрэх юм бол хуулийн хариуцлага хүлээлгэлгүй оношилж, эмчлэх бүх боломжит зүйлийг хийж байна.


Жил ирэх тусам мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх залуучууд нэмэгдэж, гэмт хэргийн гаралт ихэсч байгаа учраас #АНЗААР аяныг эхлүүлжээ. 


 

関連ニュース