Сонгуулийн хоёр хороо байгуулсанаас иргэд алинд нь хандахаа мэдэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-09 10:27:39

Удахгүй сумын, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор аймаг, дүүргийн ИТХ-ын хурлаар хэлэлцэн сонгуулийн хороог шинээр байгуулах ёстой. Гэтэл Сүхбаатар аймагт хоёр сонгуулийн хороо байгуулагдсаны улмаас хөдөө сумд хүртэл талцаж, зарим сум мөн хоёр сонгуулийн хороотой болсоны улмаас нэр дэвшигчид нь аль хороондоо хандахаа мэдэхгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм.  

МАН-аас сонгогдсон аймгийн ИТХ-ын шинэ дарга болох Б. Гансүх нь Ж. Түвшинжаргал даргатай сонгуулийн  хороо байгуулсан бол, хуучин дарга П. Мөнхжаргал нь  Б. Буянтогтох даргатай бас нэг хороо байгуулаад байгаа юм. П. Мөнхжаргал нь өөрийн хурлын бүрэн эрх хэвээр байгаа, Ж. Түвшинжаргал даргатай сонгуулийн хороог хууль бус хэмээн үзэж, сонгуулийн хорооны тамгыг аймгийн Сонгуулийн хороонд буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Гэвч Сүхбаатар аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 43 тоот шийдвэрээр "П.Мөнхжаргал нь аймгийн ИТХ-ыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд юм. Сонгуулийн хорооны дарга Ж.Түвшинжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасугай" гэсэн захирамж гарчээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэх шаардлагыг МАН-ын төлөөлөгчид ИТХ-ын хуучин дарга П.Мөнхжаргалд тавьсан боловч тэрээр биелүүлэх боломжгүй, давж заалдах болно гэдгээ илэрхийлжээ.

Т. Одончимэг

関連ニュース