ДАРХАН-УУЛ: Төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоонд хийсэн шалгалтаар 20 зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-23 14:55:30

Дархан /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн гишүүд Дархан-Уул аймагт 18-21-ний өдрүүдэд ажиллалаа. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнг танилцуулав. Нийт 19 төрийн захиргааны байгууллагын 331 албан хаагчийн сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 20 зөрчил илрүүлжээ.


Илэрсэн зөрчлийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар оруулж шийдвэрлэх аж.


Тухайлбал 331 албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд хуулийн дагуу томилсон эсэхийг нягталж, төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.


Нийтлэг гарч буй зөрчлүүд нь төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон зөрчлүүд илэрсэн аж. Мөн ерөнхий шалгалт өгөөгүй, албан тушаалын тодорхойлолт нь батлагдаагүй байхад буюу байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэдэг нэрийн дор шинэ албан тушаалд томилсон зөрчлүүд илэрчээ.


Цаашид иргэдийн санал, гомдол мэдээллийг хүлээн авч хяналт тавих боломж бол бүрдсэн аж. Хууль зөрчиж албан тушаалтныг томилж буй тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнуудаар хохирлыг нөхөн төлүүлдэг. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийг хууль зөрчиж томилох, түр чөлөөлөх, халах үйл ажиллагааг ТАЗ эсхүл шүүх тогтоосон бол буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар ажилгүй байсан хугацааны цалинг төлүүлэх зохицуулалттай ажээ.

関連ニュース