СҮХБААТАР: 4-16 насны хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. 2023 оныг хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон
зарласантай холбоотойгоор бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг багасгах, эрт
илрүүлэх цаашлаад шүдний өвчлөлгүй аймаг болох зорилтын хүрээнд 4-16 насны
хүүхдийг шүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулж эхэллээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хувийн
хэвшлийн хоёр эмнэлэгтэй хамтран дээрх ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд үзлэг он
дуустал үргэлжилнэ. Уг ажилд аймгийн ИТХ-аас 100 сая төгрөгийг төсөвлөжээ.
Тус аймаг 20 мянга
орчим хүүхэдтэй. Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн өндөр буюу нийт
хүүхдийн 80 орчим хувь нь өвчлөлтэй. Энэ нь хүүхдүүдийн идэж хэрэглэж
буй хоол хүнсний хэрэглээ болоод шүдний арчилгааг хангалтгүй хийдэгтэй холбоотой
гэж мэргэжлийн эмч хэллээ. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамруулж,
зохих эмчилгээ, зөвлөгөөг авах шаардлагатай гэдгийг ч зөвлөв. Учир нь шүдний
эмгэг нь маш олон төрлийн өвчний суурь болдог байна.