НҮБ-ын командлал БНАСАУ-тай хил зөрчсөн америк цэргийн талаар хэлэлцээ хийж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Reuters/. БНСУ дахь НҮБ-ын командлал өнгөрсөн долоо хоногт БНАСАУ руу хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын цэрэг Трэвис Кингийг эргүүлэн авах талаар Пёньянтай хэлэлцэж эхэлжээ. Энэ тухай НҮБ-ын командлалын дэд командлагч Эндрю Харрисон даваа гарагт мэдээлсэн байна.
Т.Кинг нь Өмнөд Солонгост алба хааж байсан АНУ-ын армийн байлдагч бөгөөд долоодугаар сарын 18-нд хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд зохион байгуулалттай аяллаар явж байх үедээ Умард Солонгос руу хууль бусаар нэвтэрч, баривчлагджээ.
Олон үндэстний зэвсэгт хүчний дэд командлагч бөгөөд Британийн армийн дэслэгч генерал Э.Харрисон хэлэхдээ, НҮБ-ын командлал Умард Солонгосын цэргийнхэнтэй Солонгосын дайны үеийн эвлэрлийн гэрээнд тусгагдсан механизмын дагуу яриа хэлэлцээ хийж байна гэсэн байна.
"Байлдагч Т.Кингийн эсэн мэнд байгаа эсэх нь хамгийн чухал юм" гэж Э.Харрисон хэлээд, Умардтай хийж буй хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Умард Солонгосын төрийн хэвлэлүүд АНУ-ын иргэдийг баривчлагдах бүрд тайлбар хийдэг ч Т.Кингийн талаар одоог хүртэл чимээгүй байна.
Т.Кингтэй холбоотой үйл явдлын дараа цэрэггүй бүсэд хийдэг аяллыг түр зогсоожээ.
Ийм аяллыг НҮБ-ын командлал хянадаг бөгөөд аялалд оролцох хүмүүс зөвшөөрөл авахын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай байдаг аж. Мөн аялалд оролцохдоо ямар хувцас өмсөх зэрэг хатуу дүрмийг дагаж мөрдөх ёстой байна.
Т.Кинг энэ аялалд оролцох зөвшөөрлийг яаж авсныг одоо үргэлжилж буй шалгалтаар тогтооно гэж Э.Харрисон хэлсэн байна.
Байлдагч Т.Кинг нь бусдад халдаж, нийтийн өмчид хохирол учруулсан хэргээр Өмнөд Солонгост түр хоригдож байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Техас муж улсын Форт-Блисс дэх бааз руу буцаж сахилгын шийтгэл хүлээх ёстой байжээ.