Японы бүх мужийн хүн амын тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-26 10:14:05

ТОКИО. /Kyodo/. Японы хүн амын тоо 2022 онд өмнөх оныхтой харьцуулахад 801 мянгаар буурч, 122 423 038  болсон нь хамгийн их буурсан үзүүлэлт болжээ.


Түүнчлэн 1968 онд судалгаа эхэлснээс хойш тус улсын бүх 47 мужид хүн амын тоо анх удаа буурсныг Японы Засгийн газраас лхагва гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа. 


Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас явуулсан хүн ам зүйн судалгаагаар, 2023 оны нэгдүгээр  сарын 1-ний байдлаар, гадаадын оршин суугчдыг оруулаад Японы хүн ам 125 416 877 болсон нь өмнөх оныхоос 511 орчим мянган хүнээр буурчээ.


Хүн амын тоо ийнхүү буурч байгаа нь Япон улс төрөлт багассан асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн хэмжээнд залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг сайжруулах арга хэмжээг яаралтай боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна. 


2022 онд Японы хүн амын тоо 14 дэх жилдээ дараалан буурч, шинээр төрсөн хүүхдийн тоо хамгийн доод үзүүлэлтэд (772 мянга),  нас барсан хүний тоо түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт буюу 1,57 саяд хүрчээ.


Үүний зэрэгцээ хилийн чандад сурч, ажиллаж байгаа иргэдийн тоо 7 орчим мянга болж буурсан байна.


Өнгөрсөн жил өссөн үзүүлэлттэй гарч байсан Окинава мужийн хүн амын тоо харьцуулсан мэдээлэл эмхэтгэж эхэлсэн 1973 оноос хойш анх удаа буурчээ.


Covid 19-ийн хилийн хатуу хяналтыг сулруулсны дараа олон улсын оюутнууд болон техникийн дадлагажигчдын тоо өсөж, гадаадын хүн ам сүүлийн гурван жилд анх удаа 289 мянгаар нэмэгдэж, 2 993 839 болсон байна


Японы хүн амын 11.82 хувийг 14 ба түүнээс доош насныхан эзэлж, өмнөх оныхоос 0.18 пунктээр буурч, харин 65 ба түүнээс дээш насныхан 0.15 нэгжээр нэмэгдэж 29.15 хувь болжээ.


Хөдөлмөрийн насын хүн амд тооцогддог 15-64 насны иргэд 0.03 пунктээр өсөж нийт хүн амын 59.03 хувийг эзэлж байна.


 


関連ニュース