БАЯН-ӨЛГИЙ: "Алтай бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлийн 17 дугаар хуралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан Улсуудын Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн муж, аймаг, бүгд найрамдах улсуудын хамтарсан санаачилгаар 2003 онд байгуулсан “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдаан энэ сарын 11-ний өдөр Өлгий хотод боллоо.
Хуралдаанд БНХАУ-ын ШУӨЗО, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс, Тува Улс, Алтайн хязгаар, Казахстан Улсын Дорнод Казахстан муж, Монгол Улсын Баян-Өлгий, Ховд, Увс аймаг зэрэг дөрвөн улсын 8 муж, өөртөө засах орон, бүгд найрамдах улсын удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хуралдааныг Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нээж үг хэлэв. “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Борис Владимирович Ларин зохицуулах зөвлөлийн 2022-2023 оны ажлын үр дүнг танилцуулав.
Оролцогчид хөрш зэргэлдээ бүс нутгуудын цаашдын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, нийгэм, соёлын харилцааны талаар санал солилцлоо.
Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Монгол Улсын Увс аймгийг "Алтай бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлд гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, дараагийн ээлжит хуралдааныг 2025 онд ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгуулахаар шийдвэрлэв.