БАЯН-ӨЛГИЙ: Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-14 16:29:18

Өлгий /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 2023 онд Баян-Өлгий аймагт 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хуваарилжээ.


Харин тус аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээс 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 24 төслийн хүсэлт ирсэн байна. Үүнээс төсөл сонгон шалгаруулах дэд хорооноос 1 тэрбум 71 сая төгрөгийн санхүүжилт бүхий 10 төслийг шалгаруулж, аймгийн Засаг даргын 2023 оны 305 дугаар захирамжаар хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргалаа.


Үүнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 362,2 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 4 төсөл, хүнсний ногооны зоорь барих чиглэлээр 173 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2,  хүлэмжийн аж ахуй чиглэлэээр 294 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1, чацаргана боловсруулах чиглэлээр 99,2 сая төгрөгийн өртөгтэй 1, савангийн үйлдвэрийн чиглэлээр 70 сая төгрөгийн өртөгтэй 1, оёдлын үйлдвэрийн чиглэлээр 70 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төслийг тус тус дэмжсэн аж.


Ташрамд дурдахад, 2022 онд Баян-Өлгий аймгийн жижиг дунд үйлдвэр эрхэлдэг 4 аж ахуйн нэгжид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 340 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байсан юм.

関連ニュース