ХОВД: Хадлангийн талбайн өвсний гарц өмнөх жилээс 20-30 хувиар бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-24 11:27:46

Жаргалант /МОНЦАМЭ/. Хадлан бэлтгэх ажил Ховд аймгийн хөдөөгийн сумдад харилцан адилгүй түвшинд өрнөж байна.  

Тухайлбал, Булган суманд хадлан бэлтгэх ажил ойролцоогоор 90 хувьтай явж байгаа бол Буянт, Мянгад суманд 30-40 хувьтай. Зарим хадлангийн талбайд ус, шавар их байгаагаас ажил оройтож эхлэх, өмнөх жилүүдээс бага өвс бэлтгэх төлөвтэй байна.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилтын хүрээнд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн нар Мянгад, Буянт суманд ажиллаж, байгалийн  хадлан бэлтгэх ажлын явцтай газар дээр нь танилцлаа.


Өнөөдрийн байдлаар  Буянт сумын төвөөс 30 километрийн зайд орших Нарийн гол багийн нутаг, "Шаргууны хэв" гэх газарт  15-16 өрх хадлан бэлтгэж буй. 

Тэд долоо хоногийн хугацаанд 4000 гаруй боодол өвс бэлтгэжээ. Тус сумын хадлангийн гол бүс нь Нарийн голынхоо дотор хэсэгт байдаг.  Уг газарт шавар, устай байгаа тул есдүгээр сараас  хойших хугацаанд малчдын бүлэг хадлан бэлтгэхээр тооцоолж байна.    
 
 

"Шаргууны хэв" гэх газарт хадлан бэлтгэж буй залуучуудын хамгийн залуу нь 12 настай. Бяцхан хадланч, сурагч Л.Нямсүрэн сүүлийн гурван жил аавдаа тусалж,  хадлан бэлтгэх ажилд оролцож байгаа юм. 


Тэрбээр 9 настайдаа трактор барьж сурчээ. "Хадлан бэлтгэх ажил хэцүү биш. Аав болон нутгийн ах нартайгаа нэг баг, бригад болон ажиллах дуртай.  Өдөртөө ажлаа хийнэ. Харин орой чөлөөт цагаараа интернэтээр зочилдог. Хөдөө нутаг сайхан" хэмээн Л.Нямсүрэн хуучиллаа.       

Харин Мянгад сумаас 20 километрийн зайд орших Цагаан булан багийн нутаг, "Доод арал" гэх газрын 50-60 га талбайгаас 10-аад өрх хадлан бэлтгэж байна.  

Мянгад сумын өвсний нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг хадлангийн талбай ус ихтэй байгаагаас өвсний гарц багасаж, талбайн хомсдолд орж байгаа талаар зарим хадланчид ярьж байна. Жишээлбэл, Мянгад сумын Цагаан булан багийн малчин Ц.Насанбат "Жилд 300 тонн өвс бэлтгэдэг газраас энэ жил 50-60 тонн өвс авч байгаа нь  хадлангийн талбайн өвсний гарц өмнөх оныхоос 20-30 хувиар буурсан үзүүлэлт" гэж хэллээ.


Цаашид аймаг, сум орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайтар хангах, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байв. 

関連ニュース