ДУНДГОВЬ: “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн үр дүнг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-31 18:25:53
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайнцагаан, Хулд суманд хэрэгжиж байна.


Тус төсөл 2022 оноос үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2025 он хүртэл хэрэгжинэ. Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн удирдлагын бодлого, төлөвлөгөөг сайжруулж, бүх түвшинд эрсдэлийг бууруулах, хил дамнасан малын өвчлөлийн тандалт судалгаа хийх замаар малчдын амьжиргааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

8 дугаар сарын 30-нд тус төслийн аймгийн Ажлын хэсэг хуралдаж, нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн болон цаашид төслийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.


“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд зорилтот 3 сумын иргэд, төрийн албан хаагчдад “Бэлэн бай“ сургалт зохион байгуулж, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийн ерөнхий үнэлгээ хийж, малчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, “Оролцоот эпидемиологи”-ийн Үндэсний сургагч багшаар нэг хүнийг бэлтгэж, малын өвчлөл их гардаг 7 суманд тандалт судалгаа хийжээ.


Мөн 14 сумын 44 малын эмчийг чадавхжуулах сургалтад хамруулж, малын тэжээл тариалах сургалт зохион байгуулсан бөгөөд Эрдэнэдалай суманд “Далайн шим” хоршоо 1 га газарт малын тэжээлийн ургамал тариалсан байна. Тус төслийн хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор 151,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, 60,8 сая төгрөгийн сургалт, бусад үйл ажиллагааг зохион байгуулжээ.



Төслийн үр дүнгийн талаар тус төслийн мэргэжилтэн Ж.Буянмандахаас тодруулахад “Төсөл маань АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр ДЗОУБ хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл. 3 жил хэрэгжинэ. Энэ хугацаанд зорилтот 3 сумандаа мал аж ахуй, ХАА болон ОБГ-тай хамтран гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллана.


Сая бид нар уулзаад эхний жилийн үр дүнгээ танилцуулсан. Нэг га газарт малын тэжээлийн ургамал тариалсан, малчдын бүлэг байгуулсан, мал эмнэлгийн 44 эмчид чадавхжуулах сургалт зохион байгуулсан, мөн мал эмнэлэг болон ХАА-н чиглэлээр малчдыг чадавхжуулах сургалтыг явуулсан. Энэ ажлуудаа илүү сайжруулах талаар өнөөдөр ажлын хэсэг дээр ярилцлаа.


ОБГ-тай хамтраад мөн Олон нийтийн оролцоотой эрсдлийн ерөнхий үнэлгээг хийсэн, “Бэлэн бай” хичээлийг заах сургагч багш нарыг бэлтгэсэн. Сургагч багш нар маань сумдад сургалтаа явуулаад, ус, гал, зуд гээд ямар нэг гамшиг болоход арга хэмжээ авах мэдлэгтэй болсон. Мөн  гамшгийг даван туулахад туслах багаж хэрэгслийн дэмжлэгийг бүлэгтээ үзүүллээ.


Цаашдаа бидний зорьж байгаа гол зүйл бол зорилтот 3 сум маань дээрх чиглэлээр чадавхжиж, бие даан ажилладаг болох явдал юм” гэлээ. 



関連ニュース