БАЯН-ӨЛГИЙ: Асгатын уурхайн хэвтээ амнуудыг нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-05 10:47:17

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын жагсаалтад орсон Асгатын уурхайн хэвтээ амнуудыг нээх ажил удахгүй эхэлнэ.


Тодруулж хэлбэл, "Эрдэнэс Монгол" компаниас тус мөнгөний ордын хэвтээ амнуудыг нээх тендерийг өнгөрсөн сарын 28-ны өдөр зарлажээ. Ажлын нийт төсөвт өртөг нь 601,9 сая төгрөг байна.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар тэмдэглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх"-ээр тусгасан байдаг.


Асгатын мөнгөний орд газарт 1998 оноос хойш хайгуул, судалгаа, шинжилгээний ажлууд хийгдээгүйн улмаас Штольня-1, 1а, 2, 3, 4, 5 дугаар хэвтээ амнууд үерийн ус, уулын хад асгын нуранги, олон жилийн цасан нурангид 100-200 метр орчим дарагдаж, мөстөж хөлдсөн байна.


Иймээс цаашид хийх нарийвчилсан хайгуул, лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилт, дээжлэлт зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд дээр дурдсан хэвтээ амнуудыг нээх шаардлага үүсээд байгаа аж.


1986 оноос явуулсан геологийн судалгааны үр дүнд Асгатын мөнгөний орд нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөний нөөцтэй гэж тогтоосон. Үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц бэлэн гэсэн судалгаа гарч байжээ. Түүнчлэн геологичид нэмэлт судалгаа хийснээр үлдсэн нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бүрэн боломжтой үздэг.


Судлаачдын тооцоолсноор Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр олборлож, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой. Мөн нийт 500 хүний ажлын байр шинээр бий болох ажээ. 

関連ニュース