ХОВД: Баруун бүсийн аймгуудад тархины цус харвалтын өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-08 14:13:30

Жаргалант /МОНЦАМЭ/. Баруун бүсийн мэдрэлийн эмч, мэргэжилтний анхдугаар зөвлөгөөн 2023 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдөр Ховд аймагт болж байна.

"Тархины харвалтын үеийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд өрнөж буй тус зөвлөгөөнд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн 60 гаруй эмч мэргэжилтэн, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг оролцож, мэдлэгээ өргөжүүлж, туршлага солилцож байна.

Судалгаагаар жил бүр дэлхийн хэмжээнд 15 сая хүн тархины цус харвалтаар өвчилж байгаагаас 5 сая нь нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдаж байна.


Хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны тавдугаарт Мэдрэлийн тогтолцооны өвчин орж,  нас баралтаараа 40-49 насны эрэгтэйчүүдэд цус харвалт 3 дахин өндөр байна.


Баруун бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт жилд дунджаар тархины харвалтын 100 гаруй тохиолдлыг эмчилж байгаа нь энэ бүс нутагт харвалт их буйг илтгэж байна.


Мөн улс орон даяар зохион байгуулж буй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн зонхилох өвчлөлөөр харвалтын гол шалтгаан болсон зүрх судас, артерийн даралт ихсэх эмгэг нийт өвчлөлийн 33.0 хувийг эзэлж байна гэсэн урьдчилсан дүн мэдээлэл гарчээ. 

Дээрх үзүүлэлт нь артерийн даралт ихсэх өвчний талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл хомс, эрүүл дадал хэвшил хангалтгүй, хяналтын болон эмчилгээний чанар, харвалтаас сэргийлэх тусламж үйлчилгээг зайлшгүй сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Иймээс салбарын эмч нар харвалтаас сэргийлэх тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг энэ удаагийн зөвлөгөөний явцад эрэлхийлж буй.  

Зөвлөгөөнийг Ховд аймгийн Засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 

Зөвлөгөөний үр дүнд харвалтаас урьдчилан сэргийлэх болон харвалтын эрт үеийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Мөн эмч нарын хэлж байгаагаар иргэд цусны даралтаа тогтмол хянаснаар тархины цус харвалтыг 30 хувиар, зүрхний шигдээс болохоос 25 хувиар сэргийлэх боломжтой.


関連ニュース