БАЯН-ӨЛГИЙ: Өлгий нисэх буудалд хүлээн авсан нислэгийн тоо цар тахлын өмнөх түвшнийг давлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны 10 дугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий нисэх буудлын аэродромд энэ онд өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар 364 нислэг хүлээн авчээ.
Энэ нь цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад 31 нислэгээр, 2020 оныхоос 97, 2021 оныхоос 168, өнгөрсөн оныхоос 32 нислэгээр тус тус нэмэгдсэн үзүүлэлт аж.
Дээрх 364 нислэгээр 1-6 дугаар сард 1701, 7-9 дүгээр сард 2989, нийтдээ 4590 зорчигч зорчсон аж.
Ташрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 58 дугаар
тогтоолоор Өлгий нисэх буудлыг олон улсын статустай болгож байсан. Харин 2004
оны 6 дугаар сарын 9-ний өдөр нисэх буудлын шинэ цогцолбор, 2012 онд 2,9 км
урт, 30 м өргөн, 100 хүний суудал бүхий онгоц хөөрч буух бетон зурвасыг тус тус ашиглалтад
оруулсан юм.