ДУНДГОВЬ: Таван суманд “Хонь хяргах явуулын цех”-ийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дундговь аймгийн 5 суманд нийт 704,0 сая төгрөгийн өртөг бүхий “Хонь хяргах явуулын цех”-ийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.
Тодруулбал, тус аймгийн Эрдэнэдалай, Луус, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Гурвансайхан суманд хонь хяргах явуулын цех ажиллах боломж ийнхүү бүрдлээ.
Түүний санаачилсан “Шинэ хөдөө”
төсөл тус аймагт 2020 оноос хэрэгжиж, мал аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж
ахуйг дэмжсэн хэд хэдэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн, 2 тэрбум гаруй төгрөгийн
санхүүжилт хийжээ.
Дундговь аймаг жилд 2000 орчим кг хонины ноос
авдаг өгөөд тус аймгийн хонины ноос онцлогтой. Өөрөөр хэлбэл ноолуурлаг чанар
нь жирийн хонины ноостой харьцуулахад илүү, нарийн микронтой байдаг. Тиймээс тус
аймаг энэхүү давуу талаа ашиглан аймагтаа ноосоо цуглуулж, зориулалтын дагуу
угаах, самнах үйлдвэр байгуулах зорилт тавин эхний ээлжинд 5 сумыг ийнхүү хонь
угаах, туулга хийх, хяргах явуулын төхөөрөмжтэй болголоо.
Цаашид сум бүрийг явуулын ийм цехтэй болгож, ноосоо хаягдал гаргалгүй дотооддоо цуглуулж, хонины ноосныхоо өртгийг нэмэгдүүлэн зах зээлд нийлүүлнэ хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тодотгож, энэхүү “Шинэ хөдөө” төслийг цаг үеэ олсон, малчид, тариаланчдын хэрэгцээнд тулгуурласан, үр дүнтэй төсөл хэмээн онцолжээ.