ОРХОН: Бүх нийтийн спортыг хөгжүүлэхэд орон нутгаас 390 сая төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 3./МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймгийн 3000 тамирчин тив, дэлхий, олон улс
болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Үүнээс 482 нь улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн байна. Мөн Орхон аймагтаа 435 удаагийн тэмцээн, уралдаан зохион
байгуулж, орон нутгийн төсвөөс 390 сая төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион
байгуулдаг Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын
хүүхдийн спортын өвлийн VII наадам Орхон аймагт болсон. Тус наадамд
нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас 244 тамирчин 17 дасгалжуулагч, Монголын
хүүхдийн спортын өвлийн VII наадам 417 тамирчин 24 дасгалжуулагч
567 медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсоноос Орхон аймгийн баг тамирчид Монголын бүх ард
түмний спортын өвлийн XVI наадамд багийн дүнгээр II байр, Монголын хүүхдийн
спортын өвлийн VII наадамд багийн дүнгээр IV байр эзэлсэн юм.
Мөн сагсан бөмбөгийн лигийн тамирчдын бэлтгэлд 70 сая
төгрөгийн санхүүжилт, пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 50 сая, Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах тэмцээнд 39,9 сая өсвөрийн
шигшээ багийн тамирчдад 40 сая, Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрт 40 сая
төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Цар тахлын дараа Орхон аймаг нийтийн биеийн тамирыг
эрчимжүүлэхэд анхаарч “Нэг анги, нэг өглөө”, “Эртэч Эрдэнэтчүүд” арга
хэмжээг хэрэгжүүлснээрээ улсад анхдагч болсон юм.
Энэ онд “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аянд 10 сая төгрөг,
иргэдийн дунд зохион байгуулж буй спортын наадмын 8 төрөлд 15 сая
төгрөгийн дэмжлэг олгоод байна.