СҮХБААТАР: Төмс, хүнсний ногоо хадгалах зоорь дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-09 16:24:26

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах зориулалттай ердөө есөн зоорь бий. Эдгээр нь жилд авсан ургацын 50 хувийг л хадгалах багтаамжтай. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймаг төмс, хүнсий ногоогоо хадгалах зоорийн дутагдалтай. Тиймээс цаашид зоорийн тоог нэмэгдүүлэх, өвлийн хүлэмжтэй болох зайлшгүй шаардлага бий болжээ.


Тодруулбал, Баруун-Урт суманд зургаа, Сүхбаатарт хоёр, Түмэнцогт суманд нэг зоорь бий. Нийлээд 530 тоннын багтаамжтай. Гэтэл жил бүр аймгийн хэмжээнд 1000 орчим тонн төмс, хүнсний ногоо хураадаг.


Газар тариалангийн салбараа бодлогоор дэмжээд агуулах зоорийг олшруулж, өвлийн хүлэмжийн аж ахуйг эрхэлж эхэлбэл Сүхбаатар аймаг төмс, хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хангах боломжтой. Хураасан хүнсний ногоогоо бүгдийг зориулалтын зооринд хадгалж чаддаггүйгээс болж өвлийн улиралд гаднаас төмс, хүнсний ногоогоо авчирч, өндөр үнээр борлуулж байна. Нэн тэргүүнд өвлийн хүлэмжтэй болох саналыг орон нутгийн удирдлагууд болон төсөл хөтөлбөрт хүргүүлсэн ч дэмжигдээгүй. Энэ жил ч дахин энэ саналаа орон нутгийн удирдлагуудад хүргүүлнэ гэдгээ аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир хэллээ.


Одоогоор Сүхбаатар аймаг төмсний 36,7 хүнсний ногооны 11,4 хувийг дотоодоосоо хангаж байна. Энэ жил аймгийн хэмжээнд 140 га талбайд төмс, хүнсний ногоо 3,9 га талбайд хүлэмжийн ногоо тарьжээ.

関連ニュース