ТӨВ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-10 17:40:37

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд нийт 3300 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд амьдардаг. Үүнээс сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 66 хувь буюу 285 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна.

 

Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал түүний шийдлийн талаар Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгээс тодруулахад, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлж, аймгийн хэмжээнд 4 сургууль, 3 цэцэрлэг, ЭМГ-т хүүхэд хөгжлийн танхим байгуулсан.

 

Уг ажлыг орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагаа явуулж байна.

 

Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байгаа боловсролын бүх шатны байгууллагын 34 багшид ажлын үр дүнг нь үндэслэн нэмэгдэл хөлс олгож байна.

 

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд дэмжих хөтөлбөрт 18 иргэнийг хамруулан 131 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 1025 ажлын байр шинээр бий боллоо. Аж ахуй эрхлэлтийн зээлийн дараах сургалтад 15 иргэнийг хамруулаад байна.

 

Аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжилтийг нь шийдвэрлэж аймгийн төвийн гурван уулзварт хараагүй иргэдэд зориулсан дуут дохио суурилууллаа.

 

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байсан байрны асуудлыг шийдвэрлэж, “Аз жаргалын өргөө” төвийг байгуулаад байгаа юм.

 

Түүнчлэн “Төв аймагт үйлдвэрлэв” дэлгүүрт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна” гэв. 

関連ニュース