ХОВД: Зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөө боловсруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Цаг
уурын эрс тэрс байдал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн ургамлын төлөвөөс
шалтгаалан энэ жил Ховд аймгийн зарим сумын нутгаар өвөлжилт хүндэрч
магадгүй байна.
Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт нутгийн 85 орчим хувьд нь зудын эрсдэл их гарчээ.
Иймээс
аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс
урьдчилан сэргийлэх зорилтын дагуу Зудын
гамшигтай тэмцэх төлөвлөгөө боловсруулахаар
ажиллаж байна.
Энэ
хүрээнд сургалт зохион байгуулахад 17 сумын ЗДТГ-ын дарга, холбогдох байгууллагын
мэргэжилтнүүдээс бүрдсэн 30 гаруй хүн хамрагдаж, тохиолдож болзошгүй зудын эрсдэлийг хохирол
багатай даван туулах арга замыг
эрэлхийллээ.
Энэхүү
сургалтын үр дүнд Монгол Улсын Шадар
сайд болон Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Ховд аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах дайчилгааны
төлөвлөгөөтэй болно. Мэргэжлийн
байгууллагаас бүрдсэн ажлын баг Зудын эрсдэлийн үнэлгээний тайлан, дайчилгааны төлөвлөгөө, төлөвлөлтийн бичиг баримтыг боловсруулан гаргаж, зудын
эрсдэл тохиолдсон үед, иргэд, малчин
өрх цас
шуурганд боогдсон үед цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, тусламжийг жинхэнэ эзэнд нь хүргэж
оновчтойгоор ажлаа хуваарилах боломж
бүрдэх юм.