ХОВД: Нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн
арав гаруй хоногт Ховд аймгийн ихэнх сумын нутгаар 15.5 мм цас орсон юм.
Арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус
аймгийн нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.
Цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Үенч суманд 6 см байна. Харин Дарви суманд 4 см, Булган суманд 2 см, Чандмань, Зэрэг, Манхан суманд 1 см цасан бүрхүүлтэй. Мянгад, Ховд, Цэцэг, Мөст суманд цасгүй. Алтайн салбар уулсаар цастай байна.
Дарви сумын нутгаар уулархаг газраа 40-60 см цастай. Мянгад сумын Баянбулаг багийн нутгаар 40-50 см, өндөр уулын сумдын нутгаар ууландаа 10-20 см орчим, гуу жалгандаа 20-30 см цастай байгаа юм.
Алтайн
өвөр говийн сумдын Барлаг, Сээр чиглэлд 15-20 см, Тахь
Хавтаг чиглэлд 25-30 см, Бодонч талдаа 5-10, ууландаа 30 см цастай байна.
Нийт
нутгаар хүйтэн байгаа учир малын өтөг бууц хөлдөх, мал хэвтрээсээ даарах байдал
ажиглагдаж байна. Булган сумын Байтаг багийн нутгаар цас нэмж орвол өвөлжилт
хүндрэх төлөвтэй байгаа гэж Ус, цаг
уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.