БАЯН-ӨЛГИЙ: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны "Хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлах тухай" 28 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэлийг баталж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нийтдээ 29 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.
Үүнээс нэг тэрбум төгрөгийг Баян-Өлгий аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд сонгон шалгаруулалтаар олгох аж. Үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалттай хөнгөлөлттэй зээл нь 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс нэг жил хүртэл чөлөөлөх нөхцөлтэй байна.
Хөнгөлөлттэй зээлийг хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр болон үйлчилгээний салбарт олгохоор журамласан. Мөн "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд хотоос орон нутагт шилжин үйлдвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн, импортыг орлох шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод чиглэсэн кластерын үйлдвэрлэл, баяжуулсан органик бүтээгдэхүүн, инновацын бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хүнсний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, сахрын агууламж багатай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгжийг дэмжихийг чиглэл болгожээ.
Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг төслийг энэ сарын 24-ний өдрийн 08.30 цагаас, ирэх сарын 23-ны өдрийн 08.30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд https://sme.gov.mn цахим системээр хүлээн авна.
Түүнчлэн дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэнтэй холбогдон авах боломжтой ажээ.
Ташрамд, Баян-Өлгий аймагт өнгөрсөн онд эрчимжсэн мал аж ахуйн
чиглэлийн 4 төсөл, хүнсний ногооны зоорь барих 2, хүлэмжийн аж ахуйн 1, чацаргана боловсруулах 1,
савангийн үйлдвэрийн 1, оёдлын үйлдвэрийн 1 төсөлд ЖДҮХС-гаас нийтдээ 1 тэрбум
71 сая төгрөгийн зээл олгосон юм.