Баруун эрэгт суурьшсан израилчуудын эсрэг АНУ хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-02-02 11:19:47

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 2 /BBC/. Баруун эрэгт амьдардаг палестинчууд руу халдсан гэж буруутгагдаж буй Израилын шилжин суурьшигч дөрвөн иргэний эсрэг хориг арга хэмжээ авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэмжжээ.


Баруун эрэг дэх хүчирхийлэл “тэвчихийн аргагүй түвшинд” хүрсэн гэж тэрбээр мэдэгдээд холбогдох зарлигт гарын үсэг зурсан байна. Уг хоригийн дагуу хувь хүмүүсийн АНУ дахь бүх өмч хөрөнгийг битүүмжилж, Америкийн санхүүгийн системд нэвтрэхийг хориглодог.


ХАМАС бүлэглэлийнхэн өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израил руу халдан довтолсноос хойш Баруун эрэгт хүчирхийлэл эрс нэмэгдсэн байна. НҮБ-ын мэдээлснээр, тухайн өдрөөс хойш тус газар нутагт 370 орчим палестин хүн амь үрэгдсэний ихэнх нь Израилын цэргийн ажиллагааны улмаас амиа алдсан бол 8 хүнийг Израилын шилжин суурьшигчид хөнөөсөн байна.


Ж.Байдены пүрэв гарагт гарын үсэг зурсан зарлиг нь палестинчууд руу халдсан, тэднийг айлган сүрдүүлсэн, өмч хөрөнгийг нь хураан авсан гадаадын аливаа иргэнд АНУ-ын засгийн газар хориг арга хэмжээ авах эрхтэй гэдгийг сануулж байна. Уг хориг нь АНУ-ын засаг захиргааны зүгээс израилчууд руу чиглэсэн анх удаагийн ховор алхам юм. Израилыг дэмжиж байгаад нь Ж.Байденд шүүмжлэлтэй ханддаг араб гаралтай америкчууд олонтой Мичиган муж улсыг Ерөнхийлөгч зорихтой зэрэгцэн ийм шийдвэр гарчээ.


Ардчилсан намыг дэмждэг араб гаралтай америкчуудын тоо 2020 онд 59 хувьд хүрч байсан бол Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш 17 хувь болтлоо буурсан гэж Араб гаралтай америкчуудын хүрээлэн мэдээлсэн байна. Пүрэв гарагт Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлэхдээ, шилжин суурьшсан иргэдийн зүгээс палестинчуудын эсрэг үйлдэж буй хүчирхийлэлд санаа зовниж байгаагаа Израилын талд хэдэнтээ илэрхийлж байсныг дурджээ.

関連ニュース