ХОВД: Энэ онд зарим сумын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-20 12:42:35

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Чандмань, Дарви, Цэцэг, Зэрэг, Буянт сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллээ. 

Дэлхийн банкны санхүүжилтээр энэ онд Чандмань, Буянт, Эрдэнэбүрэн сумын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Мөн энэ онд Зэрэг сумын "Зэрэг дэд станц", станцын тоног төхөөрөмжийг  Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас 260.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчлэхээр болжээ.   

Харин Цэцэг сумын хувьд энэ онд Дэлхийн банкны санхүүжилтээр 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэхээс гадна баруун бүсийн гурван сум руу чиглэсэн 35 кВ-ын агаарын шугамаас салаалж сумын төв болон Баян-Овоо багийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөж, холбогдох газарт нь хүсэлт уламжилсан байна.   

 

関連ニュース