ХОВД: “Оюун гийх Орчлон” аяны үйл ажиллагаанд 300 гаруй багш, сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-15 17:06:17

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Хүүхэд бүрд тэгш боловсролыг түгээх зорилго бүхий  “Оюун гийх Орчлон” сэдэвт аян Ховд аймагт үргэлжилж байна. 

  

"Орчлон" олон улсын сургууль, Мобиком корпорац, eSchool боловсролын нэгдсэн платформ хамтран цахим сургалтын хөтөлбөрийг нэг шат ахиулах тус аяныг дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн  ивээл дор эхлүүлжээ.

 

Аяны үйл ажиллагаа, сургалт өнөөдөр 16 дахь аймаг буюу Ховд аймагт боллоо. 

 

Энэ хүрээнд цахим технологид суурилсан тэгш, хүртээмжтэй боловсролыг нутагшуулах чиглэлээр мэдээлэл түгээлээ.

 

Тодруулбал,  Орчлон сургууль нь боловсролын салбарт үндэсний болон кембрижийн хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлсэн 20 гаруй жилийн туршлагадаа тулгуурлан 500 орчим цахим контент хийж, eSchool боловсролын нэгдсэн платформд байршуулжээ. 


Үүнд элсэлтийн ерөнхий шалгалтын 280 видео хичээл, үндэсний бичиг, англи хэлний интерактив алхамтай 160 хичээл, эцэг эх, асран хамгаалагч, сурагч, багш нарт зориулсан 30 подкаст бий. Эдгээр контентыг орон нутгийн багш, сурагчид газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран ашиглах, судлах, суралцах боломж бүрдэж байгаа юм. 


Дээрх цахим бүтээлийг түгээх, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тэлэх, батламжлах зорилгоор Орчлон сургуулийн гүйцэтгэх захирал А.Ууганбаяр, eSchool боловсролын нэгдсэн платформын гүйцэтгэх захирал Б.Ундрал, Ховд аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын төлөөлөл өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

    

Тус аяныг хэрэгжүүлэгчид болон ажлын багийнхан 21 аймгийг тойрох бөгөөд аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Оюун гийх орчлон” гэх цахим хуудсаар давхар түгээж байна. 

 

Мөн хүүхэд бүрд чанартай боловсролыг түгээх тус аянд Мобиком корпорац нэгдэн, “be” болон “stars” багцын хэрэглэгч сурагчдад дата хязгааргүй үзэх боломж олгож байна.


Цаашид Орчлон сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд цахим сургалтыг дэмжих контентыг сурагч, багш, эцэг эх асран хамгаалагчдад зориулан тасралтгүй бэлтгэж, түгээхээр төлөвлөжээ. 

 
Ховд аймагт болсон өнөөдрийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй багш, сурагч оролцож, мэдээлэл авлаа. 

関連ニュース