УИХ-ын сонгуулийг олон улсын 11 шинжээчтэй хороо болон 250 мэргэжилтэн ажиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-22 16:34:52

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас УИХ-ын сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш болон бусад шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар болж хороо байгуулжээ. Тус хороо Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн ба үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин Сайд Женнифер Браш удирдах аж. 


Ардчилсан институт хүний эрхийн газрынхан энэ сарын 28-наас эхлэн аймгуудад урт хугацааны ажиглагчдыг томилж ажиллуулах юм. Түүнчлэн санал авах өдрөөс өмнө 250 ажиглагчийг богино хугацаагаар ирүүлж ажиллуулахаар гишүүн орнуудад хүсэлт явуулсан байна. Ажиглагчид нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх зэрэг асуудлаар тайлан бэлтгэж, дүгнэлт зөвлөмж өгнө.


Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийг хууль, эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар нь ажиглахаас гадна санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглах юм. Сонгуулийн дараагийн өдөр урьдчилсан тайлангаа танилцуулах бол сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хоёр сарын дараа нийтлэх аж.

関連ニュース