“Аполло 8” хөлгийн сансрын нисэгч У.Андерс таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-06-08 10:57:46

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 8 /CNN/. Тэртээ 1968 онд Сарыг тойрон ниссэн анхны хүмүүсийн нэг болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн “Аполло 8” сансрын хөлгийн багийн гишүүн, НАСА-гийн сансрын нисгэгч Уильям Андерс Вашингтон муж улсад онгоцны ослоор нас барсан талаар түүний хүү Грегори Андерс мэдэгджээ. Тэрбээр 90 настай байв.


У.Андерс 1933 оны 10 дугаар сарын 17-нд Хонконгт төрсөн бөгөөд 1955 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг төгсжээ. Улмаар АНУ-ын Агаарын цэргийн хүчинд элссэнийхээ дараа жил нь нисгэгчийн үнэмлэхтэй болсон гэж Тэнгисийн цэргийн академийн цахим хуудсанд бичжээ.


НАСА болон Тэнгисийн цэргийн академийн мэдээлснээр, У.Андерс Калифорни, Исланд дахь Агаарын довтолгооноос хамгаалах командлалд сөнөөгч онгоцны нисгэгчээр ажиллаж байжээ. Тэрбээр 1964 онд НАСА-гийн сансрын нисгэгчээр сонгогдсон бөгөөд 1966 онд “Жемини 11”, 1969 онд “Аполло 11”-ийн нислэгүүдэд туслах нисгэгчээр ажиллаж байлаа. НАСА-гийн мэдээлснээр, У.Андерс нийт 6000 гаруй цагийн нислэг хийсэн байна.


У.Андерс болон сансрын нисгэгч Жим Ловелл, Фрэнк Борман нар 1968 оны 12 дугаар сард “Аполло 8” хөлгөөр хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарыг тойрон ниссэн юм. У.Андерс уг нислэгийн үеэр буюу 1968 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Дэлхий мандаж байна” нэртэй алдарт зургийг авч байсан түүхтэй. Андерс, Ловелл, Борман нарыг 1968 онд “Тайм” сэтгүүл Оны онцлох хүмүүсээр тодруулж байсан билээ. 



関連ニュース