Киприйн ютүбер Европын парламентын гишүүнээр сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-06-11 13:12:00

НИКОСИА, 2024 оны зургаадугаар сарын 11 /BBC/. Киприйн алдартай ютүбер Фидиас Панайоту бие даан нэр дэвшиж, Европын парламентын гишүүнээр сонгогджээ.


Ф.Панайоту өөрийгөө мэргэжлийн алдаа гаргагч гэж тодорхойлж байсан удаатай. Цахим сүлжээн дэх түүний зарим үйлдлээс дурдвал, Илон Маск зэрэг 100 алдартныг тэврэхийг оролдож байснаас гадна, авсан дотор долоо хоногийг өнгөрүүлж байсан аж.


Өдгөө 24 настай энэ залуу 2.6 сая гаруй дагагчтай бөгөөд улс төрийн туршлагагүй хэдий ч 19.4 хувийн санал авснаар гуравдугаарт жагссан байна. Ф.Панайоту төрийн мэдлийн CyBC телевизэд ярилцлага өгөхдөө, үнэхээр цочирдмоор, гайхамшигтай үйл явдал боллоо гээд, намууд үүнийг шинэчлэлт хийж, ард түмнийхээ үгийг сонсох ёстой гэсэн анхааруулга хэмээн харах ёстой гэж хэлжээ.


Өнгөрсөн онд Ф.Панайоту галт тэрэгний тасалбар, таван одтой зочид буудлын өглөөний цайны төлбөрөөс зайлсхийсэн бичлэгээ байршуулж, япончуудын дургүйцлийг төрүүлж байсныхаа төлөө уучлалт гуйж байжээ. Олон сая хандалт авсан уг бичлэгт тэрбээр япон орноор суман галт тэргээр аялах үеэрээ бие засах газарт нуугдах, өвчтэй мэт дүр эсгэх зэргээр тасалбар авахаас бултаж байгаа нь харагддаг.  


Тэрбээр ням гарагт Киприйн нийслэл Никосиа хотын Элефтериа талбайд цугларсан олны хамтаар ялалтаа тэмдэглэхдээ, “Бид түүх бичиж байна. Зөвхөн Кипрт төдийгүй олон улсын хэмжээнд түүх бичиж байна хэмээн хэлжээ. “Политико” сонинд мэдээлснээр, Ф.Панайоту сонгуульд оролцохоо нэгдүгээр сард мэдэгдсэн байна.


Нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө тэрбээр хэзээ ч саналаа өгч байгаагүй, улс төр, Европын Холбооны талаар мэдлэг багатай гэдгээ хүлээн зөвшөөрч байсан хэдий ч удаан хугацааны турш үргэлжилсэн засаглалыг тэвчиж чадахгүй гэдгээ хэлж байжээ. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэхдээ, сонгогдохын төлөө бус, харин залуусыг улс төрд оролцох сэдэл төрүүлэх зорилгоор нэр дэвшиж байгаа гэсэн байна.


Газар дундын тэнгисийн арлын Кипр улс нь 900 мянга орчим хүн амтай бөгөөд 683 мянга гаруй иргэн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон санал хураалтад оролцох эрхтэй байлаа. Киприйн сонгуулийн ирц 59 хувьтай байсан нь 2019 онд 45 хувь байсантай харьцуулахад өсжээ. Шинжээчид сонгогчдын идэвх оролцоо нэмэгдсэнийг зарим талаар “Панайотугийн нөлөө-тэй холбон тайлбарлаж байна. Philenews мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээр ютүбер залуу 18-24 насны сонгогчдын 40 хувийн, 25-34 насныхны 28 хувийн саналыг тус тус авчээ.


Кипрээс Европын парламентад зургаан гишүүн сонгогдсон юм. Ф.Панайотугийн хувьд Европын парламентад хоёр суудлаа хадгалж чадсан консерватив үзэлт DISY нам (25%), хоёр гишүүнийнхээ нэгийг алдсан Коммунист AKEL намын (22%) нарын дараа гуравдугаарт оржээ. Киприйн сонгогчид мөн хэт үндсэрхэг үзэлтэй ELAM нам (11%), төвч үзэлт Diko (10%) намаас Европын парламентын гишүүнийг сонгосон байна.

関連ニュース