"Бодлогод залуусын хяналт" ТББ сонгуулийн зардлын тайланд хөндлөнгийн хяналт тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-12 10:42:03

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас энэ удаагийн сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчид зардлын тайлангаа ил тод, нээлттэй тайлагнаж буй эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллахаар болсноо тус байгууллагын УЗЗ-ийн дарга Ц.Мандхайхатан хэллээ.


Тэрбээр "Сонгуулийн зардлын явцын тайланг сонгуулийн сурталчилгаа дуусахаас 3 хоногийн өмнө нам эвсэл, нэр дэвшигч тус бүр өөрсдийн цахим хуудаст байршуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлдэг. Эцсийн тайланг санал авах өдрөөс хойш нам эвсэл 45 хоногт, нэр дэвшигч 30 хоногт багтаан аудитын байгууллагад тус тус хүргүүлдэг зохицуулалттай. Үүний дараагаар Үндэсний аудитын газар есдүгээр сарын 26-ны дотор нэр дэвшигчдийн тайланд хийсэн дүгнэлтээ, аравдугаар сарын 11-ны дотор нам эвслийн тайланд хийсэн дүгнэлтээ цахим хуудсандаа байршуулж, олон нийтэд мэдээлнэ.


ТББ-ууд нам эвсэл, нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайланг хүлээн авах эрхтэй болохыг хуульд шинээр тусгасан. Иймд анхдагч тайлантай танилцаж, дүгнэлт гаргахыг зорьж буй. Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх нь чөлөөт сонгуулийн нэг гол зарчим юм. Энэхүү зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал" гэлээ.


関連ニュース