Монгол, Чилийн ГХЯ хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт Сантъяго хотноо энэ сарын 3-нд болов.
Уулзалтаар талууд 50 гаруй жилийн турш хөгжиж буй Монгол Улс, Чили Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашид хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахад анхаарч, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан нотлов.
Энэ хүрээнд Чилийн экспортыг дэмжих “ПроЧили” агентлагтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх, Чилийн төрийн өмчит “Коделко” компанитай уул уурхайн чиглэлд хамтран ажиллах бололцооны талаар санал солилцов. Зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, Чилийн ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Родриго Олсен Оливарес нар тэргүүлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.