Дэлхийд анхны өндөр температурт хэт дамжуулагч токамакийг бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-06-25 15:05:24

БЭЭЖИН, 2024 оны зургаадугаар сарын 24 /CGTN/. Хятадын эрчим хүчний “Energy Singularity” компани байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч гарган авах халуун цөмийн урвалын технологийн хөгжилд чухал алхмыг хийжээ.


Тодруулбал, тус компани дэлхийд анхных болох өндөр температурт хэт дамжуулагч токамак төхөөрөмжийг зохион бүтээж, ашиглалтад оруулжээ. “Honghuang 70” (HH70)  хэмээн нэрлэсэн уг төхөөрөмжийг Шанхай хотын зүүн хэсэгт суурилуулсан бөгөөд хувийн компанийн барьсан дэлхийн анхны хэт дамжуулагч токамак юм. 


Халуун цөмийн синтезийн урвалыг явуулахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд өндөр хэмд халсан плазмыг тогтоон барьж байдаг асар хүчтэй соронзон бүхий цагариг хэлбэрт реакторын төхөөрөмжийг токамак гэж нэрлэдэг. 


HH70 бол өндөр температурт хэт дамжуулагч материалаар (иттрий-барий-зэсийн исэл) хийгдсэн соронзон систем бүхий дэлхийн анхны токамак юм. “Energy Singularity” компанийнхан хоёрхон жилийн дотор уг токамакийг зохион бүтээсэн бөгөөд хэт дамжуулагч токамакийг хамгийн хурдан зохион бүтээж, угсарсан дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. 


Токамак нь ихэвчлэн том хэмжээтэй, бүтээхэд асар их зардал гардаг. Харин HH70 нь хэмжээний хувьд жижиг, барихад хямд өртөгтэй бөгөөд амжилттай ашигласан тохиолдолд өндөр температурт хэт дамжуулагч токамакуудыг арилжааны зориулалтаар ашиглах боломжтой гэдгийг техникийн хувьд батална гэж “Energy Singularity” мэдэгджээ. 


Тус компани мөн 2027 он гэхэд хүчтэй соронзон орон бүхий өндөр температурт хэт дамжуулагчийн суурин загвар болох дараагийн үеийн токамакийг барихаар төлөвлөж байна. Улмаар 2030 он гэхэд үзүүлэх цахилгаан станц барих ажээ.

関連ニュース