ТӨВ: “Төв түмний цэнгэл” баяр наадамд шигшмэл 170 морьд уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-30 10:52:46

Зуунмод, 2024 оны 7 дугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Төв түмний цэнгэл” баярт 27 сумын наадамд айргийн тав дотор хурдалсан дээд гурван насны шигшмэл 170 морьд хурдаллаа.


Үүнээс 63 соёолон уралдсанаас түрүү магнайд Төв аймгийн Лүн сумын уяач Э.Цовоогийн сартай хамар цагаан зээрд соёолон, аман хүзүүнд Төв аймгийн Зуунмод сумын уяач Б.Насанжаргалын зээрд халзан соёолон, айргийн гуравт Төв аймгийн Баянцогт сумын уяач Ж.Хатанбүүвэйгийн ухаа соёолон, айргийн дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Ч.Телевханы халиун соёолон, айргийн тавд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Ш.Батдэлгэрийн халтар соёолон тус тус хурдалж хурсан олныг цэнгүүллээ.


Түүнчлэн 56 их насны морьд уралдаж, Төв аймгийн Баянчандмань сумын уяач Х.Амарбаясгалангийн хар их нас түрүүлж, Төв аймгийн Лүн сумын уяач А.Жавхлангийн бор их нас аман хүзүүнд хурдалсан бол айргийн гуравт Төв аймгийн Баянчандмань сумын уяач Х.Амарбаясгалангийн хүрэн их нас, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уяач Б.Далайцэрэнгийн хээр халзан их нас, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач С.Отгонбаатарын хүрэн их нас тус тус хурдаллаа.


Шигшмэл хурдан азарга 41 алтан тоосоо өргөж, түрүү магнайд Төв аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт уяач Л.Цолмонгийн зээрд халзан азарга хурдалсан бол аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын алдарт уяач Ц.Ганзоригийн буурал азарга, айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын уяач Б.Чинбатын хүрэн азарга, айргийн дөрөвт Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Т.Баатармөнхийн сартай хүрэн азарга, айргийн тавд Төв аймгийн Сүмбэр сумын уяач Ч.Отгонбаатарын бор азарга тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.

関連ニュース