Герман улстай хамтран ажиллах бүрэн боломжтойг элчин сайд онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-17 09:40:16

Холбооны бүгд найрамдах Герман улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел Завхан аймагт ажиллаад буцахдаа Архангай аймагт саатаж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзлаа гэж  Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа ноён Штефан Дуппел тус аймагт анх удаагаа ирж байгаа бөгөөд Монгол, Германы засгийн газрын хооронд хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа олон жилийн өмнөөс эхэлсэн. Одоо ч, цаашид ч хэвээр үргэлжилж хөгжсөөр байх болно гэдгийг онцолж байлаа.

Холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад экологи, биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болох хоёр талын Засгийн газрын хэлэлцээрийн үеэр экологи, биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр Архангай аймагтаа хэрэгжүүлж болох шинэ санаа, саналуудаа өгч болно гэдгийг элчин сайд хэлж байлаа.

Үүнээс гадна Архангай аймгийн хүн ам, нийгэм, эдийн засгийн байдлаар мэдээлэл авч, хөдөө, мал аж ахуйн салбарт хэрхэн хамтарч ажиллаж болох талаар ярилцжээ. Уулзалтын үеэр яригдсан санаанууд жижигдэхгүй, цаашид үргэлжлүүлж ажил хэрэг болгохыг хоёр тал онцоллоо.

Бүтээлч, үйлдвэрлэгч аймаг болох зорилттой байгаа Архангай аймгийн хувьд хөдөө аж ахуйн чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хамтран ажиллахад нээлттэй байгаагаа аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан илэрхийллээ.

 

                                                                                                 Архангай аймаг Л.Булган

関連ニュース