IKEA компани Зүүн Германы хоригдлуудад нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-10-30 16:57:57

БЕРЛИН, 2024 оны аравдугаар сарын 30 /DW/. Зүүн Германы дарангуйллын дэглэмийн хохирогчдод нөхөн олговор олгох зорилготой Германы засгийн газрын шинэ санд тавилга үйлдвэрлэгч IKEA компани 6 сая евро /ойролцоогоор 6.5 сая доллар/ хандивлана гэж Германы Бундестаг болон IKEA Deutschland компани мягмар гарагт мэдэгджээ.


Хуучин Зүүн Германы /Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс/ хохирогчдод туслах асуудал эрхэлсэн парламентын тусгай төлөөлөгч Эвелин Зупке мягмар гарагт мэдэгдэхдээ, IKEA уг механизмд нөхөн төлбөр олгох хүсэлтэй байгаагаа баталгаажуулсан гэсэн байна. Уг сангийн дүрмийг Германы парламент хараахан батлаагүй байгаа боловч үүнийг албан ёсны мэдэгдэл гэж үзэж байна.


Миний хувьд IKEA энэхүү санд дэмжлэг үзүүлэхээ амласан нь компанийн түүхийн бараан хуудсуудад ухамсартайгаар хандаж буйн илэрхийлэл юм. БНАГУ-ын хорих ангиудын хоригдлуудын зовлон зүдгүүрийг бид арилгах боломжгүй. Гэхдээ бид өнөөдөр тэдэнд хүндэтгэл үзүүлж, тодорхой бэрхшээл тулгарвал тэднийг дэмжиж чадна. IKEA яг ийм замаар явахаар шийдсэн бөгөөд би хувьдаа маш их талархаж байна” гэж Э.Зупке хэлжээ. IKEA-гийн оруулж буй хувь нэмэр нь сайн дурын шинжтэй бөгөөд хуулийн дагуу ямар нэг үүрэг хүлээхгүй юм.


IKEA нь Хүйтэн дайны үед хуучин Зүүн Германд зарим үйлдвэрлэлээ явуулж байсан барууны хэд хэдэн компанийн нэг бөгөөд Зүүн Германы хоригдлуудыг үйлдвэрлэл дээр албадан ажиллуулдаг байжээ. Уг үйл явдлыг IKEA-тай холбосон нотлох баримтууд 2011, 2012 онд гарч эхэлсэн байна. Улмаар тус компани Ernst & Young-ийн аудиторуудаар шалгуулснаар дээрх мэдээлэл нь үндэслэлтэй бөгөөд тухайн үеийн IKEA-гийн удирдлагад байсан зарим хүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хоригдлууд оролцож байсныг мэдэж байжээ.

 



関連ニュース