Японд 2040 он гэхэд сэргээгдэх эрчим хүч давамгайлна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-17 17:40:06

ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /NHK/. Японы Засгийн газар нар, салхи болон бусад төрлийн сэргээгдэх эрчим хүчийг 2040 он гэхэд тус улсын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болгохоор төлөвлөж байна. Өнөөдөр болсон салбарын яамны хуралдаанаар шинэ стратегийг танилцуулжээ


Энэхүү санаачилга нь Японы эрчим хүчний салбарын үндсэн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд гурван жил тутамд үнэлгээ дүгнэлт хийх ажээ. Ингэснээр сэргээгдэх эх үүсвэрүүд 2040 оны санхүүгийн жил гэхэд тус улсын нийт эрчим хүчний 40-50 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Өмнө нь 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 36-38 хувьд хүргэх зорилт тавьж байв.


Шинэ төлөвлөгөөнд тусгаснаар, нийт эрчим хүчний 20 орчим хувийг цөмийн эрчим хүч бүрдүүлэхээр тусгасан байна. 2011 онд Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарснаас хойш Засгийн газар цөмийн эрчим хүчнээс хамааралтай байдлыг бууруулахыг эрмэлзэж иржээ. Харин шинэ стратегид хараат байдлыг бууруулах зорилтыг тусгаагүй, харин сэргээгдэх эрчим хүчний хослуулан хэрэглэнэ гэж заасан байна. Үүний хүрээнд дараагийн үеийн реакторуудыг бүтээхийг дэмжих зэрэг ажлуудыг төлөвлөжээ.


Хиймэл оюун ухаан бүхий үйлчилгээнүүдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд илүү их цахилгаан эрчим хүч зарцуулдаг дата төвүүд баригдаж буй үед дээрх шийдвэрийг гаргасан байна. Засгийн газар цөмийн эрчим хүчийг ашиглах нь нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цахилгаан эрчим хүчний тогтвортой хангамжийг хангахад зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.


Японы Аж үйлдвэрийн сайд Мүто Ёжи олборлодог түлшний хэрэглээг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүчийг цөмийн эрчим хүчтэй хослуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч цөмийн эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудал олон нийтийн санааг зовоосон хэвээр байгаа тул тэдний дэмжлэгийг авахад бэрхшээл тулгарч магадгүй байна.

 


関連ニュース