ДУНДГОВЬ: Говийн бүсийн шагайн харвааны нээлттэй тэмцээнийг шинийн наймны өдөр зохион байгуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-10 15:52:42
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Говийн бүсийн шагайн харвааны нээлттэй тэмцээнийг Мандалговьд зохион байгуулж, 24 багийн 190 гаруй харваач оролцон цэц мэргэнээ сорьжээ.


Жил бүр хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун,  Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Шагайн харвааны аймгийн салбар зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Хошой мэргэн Ц.Отгонбаяр, албаны бусад хүмүүс  оролцож, болзол хангасан харваачдад “Аймгийн гоц мэргэн”, “Аймгийн хошой мэргэн” цол, зэргийг гардуулсан юм.


“Аймгийн гоц мэргэн” цолоор харваач Б.Мөнх-Эрдэнэ, Г.Ренчиндорж, О.Улаанхүү, Ц.Дашням, Г.Эрдэнэ-Очир, Г.Ууган-Эрдэнэ, Б.Банзрагч, Н.Балданжав, Б.Уламбаяр, Б.Мөнхзаяа, Б.Сугирдорж, - Б.Түвшинбаатар нарыг, “Аймгийн хоршой мэргэн” цолоор Д.Мөнхтогтох, Г.Лхагважав, Ж.Эрдэнэбаатар нарыг шагнажээ.


Тэмцээнийг цуваа харваа болон багийн харваа төрлүүдээр явуулж, цуваа харааг ахмад, өсвөр нас, насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж, энэ жилийн аваргуудаа тодруулсан юм.


Өсвөрийн хувийн цуваа харвааны тэргүүн байрыг Дэрэн сумын залуу харваач Гомбодорж, удаах байрыг Сайхан-Овоо сумын залуу харваач Эрдэнэбаатар, Сайхан-Овоо сумын залуу харваач Бат-Эрдэнэ нар эзэлсэн бол Ахмадын цуваа харвааны төрөлд Дэлгэрцогт сумын аймгийн Гоц мэргэн Амгаланбаатар түрүүлж, Говь-Угтаал сумын Аймгийн гоц мэргэн Довдонбуу, Луус сумын ахмад харваач Мягмар нар удаалжээ.


Насанд хүрэгчдийн цуваа харвааны тэргүүн байрт Говь-Угтаал сумын “Найман” багийн харваач, Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн гоц мэргэн П.Содбилэг, Адаацаг сумын “Дэлгэрэх бүрд” багийн харваач, Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Х.Хосбаяр, Говь-Угтаал сумын “Найман” багийн харваач, Булган аймгийн харьяат, Монгол Улсын хошой мэргэн А.Баясгалан нар удаах байрт шалгарав.


Багийн харвааны дүнгээр Говь-Угтаал сумын “Найман” баг түрүүлж, дэд байрт Өлзийт сумын баг, удаах байрт Гурвансайхан сумын “Очир мандал хайрхан” ХХК-ийн баг шалгарлаа.


Түүнчлэн “Халхын хар” хэмээн олноо алдаршсан, домогт харваач Жанцангийн Бархас агсны нэрэмжит “Улсын цолонд ойрхон харваач” шагналын эзнээр Аймгийн гоц мэргэн Д.Баярцогт тодорсон байна.







関連ニュース