Байгаль орчны салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-04-13 13:26:38

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэгт олон улсын гэрээ, хэлэлцээрээр хамтран хариу арга хэмжээ авч, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлж байна.


Монгол Улс үүнд идэвхтэй оролцож, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын бага хурал (COP17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулах эрхийг авсан нь олон улсын түвшинд манлайллаа бататгасан чухал үйл явдал юм. Энэ хүрээнд БОУАӨЯ, НҮБ-ын ХХААБ хамтран “Байгаль орчны хамтын ажиллагааны эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалтыг зохион байгуулж, эмэгтэй Элчин сайд нар, олон улсын байгууллагын удирдагчид хамтын ажиллагаа, жендэрийн мэдрэмжтэй шийдлүүд, сайн туршлагаа хуваалцав.


Сайд С.Одонтуяагийн санаачлагаар байгуулсан “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын бүлгэм” нь бодит өөрчлөлтийг эхлүүлэх гүүр болох зорилготойг уулзатлын үеэр онцлоод, “Эмэгтэйчүүдийн оролцоо нь тогтвортой, хүртээмжтэй, инновацлаг шийдлийг бий болгоход чухал”-ыг тэмдэглэсэн юм.



Уулзалт нь ирэх онд Монголд зохион байгуулах COP17-д эмэгтэй удирдагчдын нэгдсэн байр суурийг илэрхийлэх, хамтарсан төсөл, санаачлагын хүрээг тэлэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг БОУАӨЯ мэдээллээ.


Уулзалтад 11 улсын Элчин сайдын яамны төлөөлөл, олон улсын 20 байгууллагын манлайлагч эмэгтэй оролцож, иргэний нийгэм, залуус, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэх, салбарын мэргэжилтэнг бэлтгэх, орон нутгийн онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулах зэрэг санаачлага дэвшүүлэн, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

関連ニュース