ЗАВХАН: Аймгийн төв талбайг Жалханз хутагт Ц.Дамдинбазарын нэрэмжит болгож хөшөөг нь заллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.
Завхан аймгийн төв талбайд Монгол Улсын Ерөнхий сайд, очирваанийн
хувилгаан, самади багш Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын хөшөөний нээлт өнөөдөр боллоо.
Завхан аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ой, Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “Аймгийн төв талбайг Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын нэрэмжит болгох тухай” тогтоолууд тус тус батлагдан гарсан.
Дээрх тогтоолуудын хүрээнд Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын
хөшөөг аймгийн төв талбайд залах
төслийг Монгол Улсын Соёлын
гавьяат зүтгэлтэн П.Батсайхан санаачилж, орон нутгийн болон хандив
тусламжаар бүтээж хөшөөний баримлыг Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг урлан бүтээсэн байна. Тус
хөшөө нь монументаль, хүрэл хөшөө юм.
Тэргүүндээ залсан алтан очир нь зэрэг зиндааг илэрхийлсэн, хувцас нь Монгол төрийн тэргүүн зэргийн түшмэлийн төрийн ёслолын хувцас юм. Эрихийг хутагтууд зүүнэ. Мөн эрихний толгойг дээш харуулсан нь энх мөнх, сайн сайхан явахыг бэлгэдсэн байна.
Хөшөөний баруун
гар нь та бүхний өгсөн хүндэтгэлийг хүлээн авч номын хүчээр хувь тавиланг тань
дааж явах, зүүн гар нь Монгол төрийн ерөнхий сайдынхаа тамгыг түшиж, ард талд
нь “Шашин маш тунгалаг” гэж бичсэн нь “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө
дээдэлнэ” гэсэн утгыг агуулжээ.
Хөшөөний тамганы хажууд байх цаг нь 12:29 минутыг зааж байгаа. Чандманы ард талд XX гэсэн ромбо тоо бий, цагийн урд талын савлуур дээр 11 гэсэн тоо бий. Үүний учрыг тайлбарлаваас XX зууны цагаагчин гахай жилийн 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан өдрийн утгыг харуулсан байна.
Хөшөөний баринтгаа дэлгэсэн судар нь монгол орны
ирээдүйн сайн сайхан тусгаар тогтнолыг байнгын номын хүчээр засаж явна гэсэн бэлгэдэлтэй. Ар хэсэгт Отгонтэнгэр хайрхны мөнх цаст оргилыг дүрсэлжээ.
Баруун талын хэсэгт нь зааныг дүрсэлжээ. Заан бол төрийн амар амгалан хүчирхэг байхын бэлгэдэл, зүүн талд хийморийн морь байрлуулсан байна. Арын хэсэгт эвтэй дөрвөн амьтан, мөн арслан бар дүрсэлжээ. Гол хэсэгт нь энх цагийн бэлгэдэл өлзий хээтэй, доороо энх цагийн эгшиглэнгийн бэлгэдэл болсон хөгжмийн зэмсгээр хүндэтгэл үзүүлж дүрсэлжээ.
Ц.Дамдинбазар нь таван ухаанд мэргэшсэн, оюунлаг сэхээтэн, шашны том зүтгэлтэн байсныг илэрхийлж, хүндэтгэн уран баримлын суурийн хэсгийг сонгодог эх загвараар цул боржгин чулуун суурьтай зуунаас зуунд дамжин үлдэх материалаар, Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн их гавьяаг хүндэтгэж энэхүү хөшөөг бүтээжээ хэмээн Завхан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээлэв.
Ташрамд энэ жил Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын 151 жилийн ой тохиож байна.
Ц.Дамдинбазар нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг оройлон удирдагчдын нэг төдийгүй,
Баруун хязгаарыг
тохинуулагч сайд, Гадаад, дотоод хэргийг зохицуулагч сайд, Богдын Засгийн
газрын ерөнхий сайд, Ардын засгийн газрын анхны ерөнхий сайдаар ажилласан
Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт гавьяа байгуулсан төр,
шашны зүтгэлтэн юм.
Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойд зориулж бүтээсэн хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн Б.Түвшин,
Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, албан байгууллагын удирдлагууд, лам хуврагууд, иргэд оролцож хүндэтгэл илэрхийллээ.