Перугийн хойд нутагт алт олборлолтыг түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛИМА, 2025 оны тавдугаар сарын 6 /AFP/. Перугийн хойд нутгийн Патаз муж дахь алтны уурхайн олборлолтыг 30 хоногийн хугацаанд зогсооно гэж тус улсын ерөнхийлөгч Дина Болуарте даваа гарагт мэдэгджээ.
Алтны
уурхайд ажиллаж байсан хамгаалалтын 13 ажилтны цогцсыг уурхайн хонгилоос ням гарагт цагдаа нар олсны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэдгээр
ажилтныг хулгайлснаас хойш долоо гаруй хоногийн
хугацаанд барьцаалжээ.
Перугийн Засгийн
газар мөн шөнийн цагаар хөл хорио тогтоож, нийслэл Лима хотоос 900 км зайд
орших Патазад цэргийн бааз
байгуулахаар төлөвлөж байна. Ням
гарагт цогцос нь олдсон 13 хүн Перугийн алт олборлогч томоохон компаниудын нэг болох “Пондероса”-гийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд
байжээ.
“Зэвсэгт хүчин “Пондероса”-гийн үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийг хяналтдаа авна. Манай уул уурхайн салбар дахь хууль бус үйл ажиллагаа нь мансууруулах бодисны наймаанаас ч илүү олон саяар тоологдох орлого олдгийг бид бүгд мэднэ” гэж Д.Болуарте хэлсэн байна. Мөн Засгийн газар Конгресст “хотын терроризм”-той тэмцэхийг зөвшөөрөх хууль батлахыг хүсэх болно гэж нэмж хэлжээ.
“Пондероса” компанийн мэдээлснээр, алтны нөөц ихтэй Патаз мужид сүүлийн үед хууль бусаар олборлолт явуулдаг гэмт хэргийн бүлэглэлийнхний гарт гэрээлэгч болон бичил уурхайчид
зэрэг 39 хүн амиа алдсан байна.
Тус бүс нутагт хоёр жил гаруйн хугацаанд онцгой байдал тогтоогоод байгаа хэдий ч гэмт хэрэг олонтоо гарчээ.
Олборлолтыг түр
зогсоох шийдвэр нь зөвхөн
албан бус уурхайчдад хамаарна гэж
“Подероса”-гаас Ройтерс агентлагт мэдээлжээ. Перугийн Уул уурхай, эрчим хүчний сайд Хорхе Монторо
хэлэхдээ, 30 хоногийн түр зогсолтыг сунгах боломжтой гэсэн байна.