УВС: Хэцүү хад нь усан доогуур 5-7 километр үргэлжилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-26 13:41:05

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд буюу Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохиог Хэцүү хад гэдэг. 

Энэхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт харагддаг. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засан өндөглөж зусдаг.

Хяргас нуурт алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг загас жараахай элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог байна.

Хэцүү хад нь цагаан шохой өнгөтэй харагдана. Энэ нь нуурын шорвог усны давалгаанд байнга цохигдож ийм өнгөтэй болсон гэдэг.


Хэцүү хадны тухай ОХУ-ын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголдоо хоёрдогч нь юм” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Хэцүү хад нь хаана ч давтагдашгүй, онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, улсын тусгай хамгаалалттай газар юм.

Жил бүрийн зун Увс аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэдний хамгийн их очих дуртай газар нь Хэцүү хад.

Хэцүү хад руу хүрэх нуурын эрэг орчмын зам сул элстэй, дэржигнүүр ихтэй тул туулах чадвар сайтай машинаар явах хэрэгтэй байдаг.




関連ニュース