БАЯН-ӨЛГИЙ: Эх, үрсийн баяраар архи, тамхи худалдахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-30 11:09:29

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 31-нийг "Дэлхийн тамхигүй өдөр" болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Тамхины үнэнг илчилье” уриан доор нэгдэж байна.


ЕБС-ийн 13-17 насны өсвөр үе, сурагчдын 10 хүүхэд тутмын 1 нь янжуур, 4 хүүхэд тутмын 1 электрон тамхи хэрэглэж байгаа бол, халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 15-69 насны хүн амын 5 хүн тутмын 1 нь тамхи татаж, 10 хүн тутмын 3 нь дам тамхидалтад өртөж, жил бүр 4300 орчим хүн тамхинаас шалтгаалсан өвчнөөр нас барж байна.

Тиймээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар захирамж гаргаж, 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхэд, өсвөр үе, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийтийн үйлчилгээний газрууд, сүлжээ дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүдэд тамхи, электрон тамхи худалдахыг хоригложээ.

 

Мөн дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон захирамж гаргаж, уг шийдвэрийг аймгийн хэмжээнд биелүүлж ажиллахыг хууль хяналтын байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэдэд үүрэг болголоо.




関連ニュース