Газар нутаггүй ганц сумын хурлын дарга нар ажлаа хүлээлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-07 14:05:28

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга, АН-ын гишүүн Мөнхжаргалын Эрдэнэдэлгэр шинээр сонгогдсон ИТХ-ын дарга, МАН-ын гишүүн Шаравын Энхжаргалд нутгийн өөрөө удирдах байгууллагын тамгыг баасан гарагт гардуулан өглөө.

Тамга гардуулах ёслолын ажиллагаанд Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Гурвантамир, Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Батмөнх, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар байлцлаа. Эрдэнэбулган сумын хувьд, 1992 оноос эхлэн өөрийн гэсэн дэвсгэр нутаг байхгүй явдал угшсан хурц асуудал юм. Тус сумын Цагаан даваа, Арслан цохио, Цогт-Уул, Бортолгой, Тамир баг Булган сумын, Наранбулаг  баг Цэнхэр сумын, Цагаан дэл баг Батцэнгэл сумын нутагт байдаг явдал иргэдэд газрын асуудлаар үнэхээр хүндрэл учруулдаг. Үүнээс болоод жирийн иргэд 10 гаруй жил болж байхад өмчилсөн газаргүй. Харин хөрөнгө чинээтэй баячууд хэд хэдэн эдэлбэр газартай. Монгол улсын түүхэнд Ховд хотоос өмнө Хархорумын дараа хот хүрээ байгуулагдсан энэ газрын байгаль үзэсгэлэнтэй өгөөжтэй, түүх арвин сонирхолтой. Тийм болоод ч тэр үү газар нутгийн асуудал хурц бас ээдрээтэй байдаг.

Долоон баг 5815 өрх, 21102 хүн амтай сум-хотын анхны эмэгтэй засаглагч нь Э.Оюунчимэг бол Эрдэнэбулган сумын ИТХ-ын анхны эмэгтэй даргаар Ш.Энхжаргал тодорлоо.

Ийнхүү 1930-аад оны цөвүүн цагаас хойш Заян хүрээ, Цэцэрлэг хот, Эрдэнэбулган суманд анх удаагаа ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр төрөлх нутаг уснаасаа төрөн гарч байгаа юм.

Намын бодлогоор, сүсэгтэн олонтой энэ газраас орон нутагт нь нутгийн хүнийг томилодоггүй цаг үе ард хоцорлоо. Өөрөөр хэлбэл, 1937 онд Халхын Зая бандидагийн зургадугаар дүр Лувсантүвдэнчойжинням Жамбацэрэн /1905-1937/ баривчлагдаад хоригдсон тэр цагаас хойш эдүгээг хүртэл гэгээнтнээ өмөөрөөд бослого гаргачих гээд байгаа энэ нутагт өөрсдийн нь дундаас дарга тавьдаггүй хатуу бодлогыг нам засгаас барьсаар XXI зуунтай золгосон хачирхалтай түүх бий.

Ямар ч мал хөрөнгө, алт мөнгөнөөс эрхэм ийнхүү эрх, эрх чөлөөний төлөө тэмцсээр ирсэн Заяын гэгээний нутгийн сүсэгтэн олныг буруутгах аргагүй бөлгөө.

Эрдэнбулган сумын ИТХ-ын шинэ дарга Ш.Энхжаргал нь багш мэргэжилтэй, дээд боловсролтой, 2012-2016 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчийн сонгуультай, “Хүмүүн” цогцолбор хоёрдугаар сургуулийн нийгмийн ажилтны албыг хашиж байсан, эмэгтэй юм.

Тэрээр, ард түмнийхээ ая тухтай амьдрал, сайн сайхны төлөө өөрийн хүч чадал авъяас чадвараа дайчлан хамтран ажиллана гэдгээ сумын ИТХ-ын  тамгыг гардаж авах үеэрээ хэллээ.

Харин ИТХ-ын төлөөлөгч Ж.Гурвантамирыг Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагчид нэр двэшүүлснийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан батламжлах эсэх нь олны хүлээлт хэвээр үлдлээ.

 

                                             Л.Булган

 

関連ニュース