“Гараас гарт” бүсийн хөрөнгө оруулалтын форумд ноолууран бүтээгдэхүүн, ингэний сүү, хүнсний нарийн ногоог онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-23 17:16:54

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын санаачилга болох “Гараас гарт” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Ази, Номхон Далайн бүсийн хөрөнгө оруулалтын форум Тайландын Бангкок хотноо энэ сарын 18-20-нд боллоо.


Форумд бүсийн 15 улс оролцсон бол Монгол Улсын ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн адууны мах, хонины мах, ноолуур, ингэний сүү, өвлийн хүлэмжийн хүнсний ногоо зэрэг гол бүтээгдэхүүнд суурилсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулжээ.


Тэрбээр Монгол орны газар зүйн онцлог, ядуурлыг буруулахад оруулж буй хувь нэмэр, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад эдийн засгийн оновчлолыг харгалзан үзэж бэлчээрийн адууны мах, хонины мах, нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүн, ингэний сүү, болон өвлийн хүлэмжийн хүнсний нарийн ногоог онцолсон юм.


Энэхүү санаачилга нь ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих зорилготой бөгөөд гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал платформ юм.


Хурлын үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Алуэ Дохонгтой уулзлаа. ХХААБ-ын бүсийн захирал Төрийн нарийн бичгийн даргад талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдав. Цаашид хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, бичил биетний тэсвэржилт, био-аюулгүй байдал, байгаль орчин, бэлчээр, ойн менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай байгаагаа илтгэв.


Мөн Монгол Улс “Гараас гарт” санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө форумын үеэр амжилттай танилцуулж байгааг өндрөөр үнэлэв. Тэрбээр ингэний хоормог зэрэг бүтээгдэхүүнийг шинэлэг, экспортын болон хүнсний ач холбогдол өндөртэй гэж онцолж, Ром хотод зохион байгуулах үзэсгэлэнд танилцуулахаар болсонд талархлаа илэрхийллээ гэж ХХААХҮЯ мэдээлэв.


関連ニュース