СЭЛЭНГЭ: Гал унтраах, эрэн хайх 36-р ангийг дэслэгч М.Батхаан агсны нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-04 16:25:52

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, эрэн хайх 36-р анги дэслэгч М.Батхаан агсны нэрэмжит болжээ.

 

Сэлэнгэ аймагт  1986 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрийг дамнан гарсан том хэмжээний гал түймэрт салааны захирагч, дэслэгч М.Батхаан нь үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад цэл залуухан 29 насандаа амь эрсэдсэн юм.

 

Өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, амь биеэ үл хайхран зүтгэсэн түүний алдар гавьяаг мөнхөлж, аймгийн ИТХ-ын 34-р тогтоол, ОБЕГ-ын даргын тушаалаар тус ангийг түүний нэрэмжит анги болгож байгаа юм.   

 

Үүнтэй зэрэгцэн аймгийн Онцгой байдлын газар дээр "Дурсгалын гэрэлт хөшөө" болон "Эр зориг, алдрын музей"-н танхимыг нээсэн байна.

 

Дэслэгч М.Батхааны цээж баримлыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, уран барималч Г.Ганхуяг урлажээ.

 

Түүний энэхүү баримлын дэргэд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Т.Доржсүрэнгийн 39 жилийн өмнө бичсэн "Дэслэгч" дуулийн хэсгээс сийлж, хөрөгийнх нь хамт байрлуулсан байна.

 

 

関連ニュース