СЭЛЭНГЭ: Сум орон нутгийн хөгжилд түшиц болохуйц хөв цөөрөм байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-23 12:19:47

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант сум дахь Баян-Уулын үерийн хамгаалалтын даланг засварлаж, Ивэн голын боомтыг сэргээн хөв цөөрөм байгуулсан байна.

 

Энэхүү хөв цөөрөм нь мал аж ахуй, төмс, хүнсний ногоо тариаланчдын усны хэрэгцээг хангахаас гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломжтой газар нутагт байрлаж байгаа гэдгээрээ давуу юм.

 

Уг хөв цөөрөм нь сум орон нутгийн хөгжилд түшиц болохуйц хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил болж чадсан байна. Учир нь тус даланг сэргээснээр аялал жуулчлал /өвлийн аялал жуулчлал/, загас үржүүлэг, загасчлалыг хөгжүүлэх, мал аж ахуй, төмс, хүнсний ногоо тариаланчдын усны хэрэгцээг бүрэн хангах, үерээс хамгаалах зэрэг үр дүнтэй учраас сум орон нутгийн иргэдэд үр өгөөжөө өгөх юм.

 

Цаашид хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж, жижиг хэмжээний цахилгаан станц ажиллуулах боломжийг бүрдүүлэн ажиллана хэмээн Сант сумын удирдлагууд төлөвлөсөн байна.   

 

Сант сумын Баян хайрхан уулын бэлд байрлах уг усан санг 1952 онд байгуулсан боловч 1960-аад оны үед далан сэтэрсний улмаас ашиглахаа больжээ.

 

Он удаан жил ашиглаагүй уг усан санг улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “MWT” ХХК сэргээн засварлаж, хөв цөөрөм байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

関連ニュース