MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

С.Батсүх: Улсын гэрэл зургийн газар нь МОНЦАМЭ, улсын архивыг гэрэл зургаар хангадаг байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-08 15:55:15

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын гэрэл зургийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үе үеийн төлөөллийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Соёлын гавьяат зүтгэлтэн С.Батсүхтэй ярилцсанаа хүргэе. Түүнийг “Сансрын гэрэл зурагчин” гэдгээр нь монголчууд сайн мэднэ.


-Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн баярын мэнд хүргэе.

-Маш их баярлалаа. Надтай хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан гэрэл зурагчид, өнөөдөр энэ салбарыг түүчээлж яваад залуустаа түүхт ойн баярын мэнд хүргэе.


-Гэрэл зураг хэмээх их айлтай холбогдож байсан түүхээ хуваалцана уу. Яагаад заавал энэ мэргэжлийг сонгох болов?

-Багын л гэрэл зураг сонирхдог хүүхэд байлаа. 1970 оноос Улсын гэрэл зургийн газарт ажилласан. Өөрөө сонирхолтой, дуртай учраас энэ газраас зарлал гаргасны дагуу очиж шалгуулаад тэнцсэн юм. Эхний хоёр сардаа лабораторид зураг угаалаа. Дараа нь дахин шалгалт өгсний эцэст албан ёсоор гэрэл зурагчин болсон доо. Улсын гэрэл зургийн газар нь МОНЦАМЭ агентлаг болон архивыг зургаар хангах үүрэгтэй байсан.


-Тэгвэл МОНЦАМЭ-тай хэрхэн холбогдсон юм бэ?

-Гэрэл зургийн газрыг тэр чигт нь 1978 оноос МОНЦАМЭ агентлагт шилжүүлсэн юм. Ингэж энэ байгууллагатай холбогдсон түүхтэй. Тэр цагаас хойш 2012 онд тэтгэвэрт гартлаа эндээ ажилласан юм даа. МОНЦАМЭ агентлагийн харьяа Улсын гэрэл зургийн газар маш том өргөн бүрэлдэхүүнтэй байлаа шүү дээ. Сонинуудыг гэрэл зургаар хангана, архив бүрдүүлнэ. Элчингүүдэд зураг явуулна. Чөлөө, завгүй явдаг байлаа. Гэрэл зургийн алба маш том байр суурьтай байсан. Харин одоо бүтэц нь жижгэрсэн, байр суурь нь багасаад байгаа юм шиг санагддаг.


-Таныг хүмүүс сансрын нисэгчийн зурагчин гэдгээр нь мэддэг болсон. Ямар хувь тохиолоор монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын зурагчин болж байв?

-Гэрэл зураг өөрөө их сайхан шүү дээ. Миний багын мөрөөдөл юм. Зөвхөн сансрын нислэг гэхгүй бүхий л үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгахдаа чин сэтгэлээ зориулдаг байлаа. Тиймээс бүтээлүүдээ сорчлох, муучлах дургүй. Монгол хүн сансарт нисэх үйл явдлыг 1978-1988 он хүртэл авна гэдэг олдохгүй завшаан, ховор тохиол юм. Сансарт нисэхийнхээ өмнө хэвлэлийн хурал хийснийг Монгол, Зөвлөлтийн хэвлэлийн багийнхан дамжуулсан. Сансрын нислэгийн үед МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, гадаад мэдээний тоймч, орчуулагч Я.Сүхбаатар, 1980 оны сүүлчээр зурагчин Ц.Нинаг хамтрагчаар авч, бид дөрвүүлээ ажилласан. Ц.Нина бол 1980 оны Олимпод явж байсан туршлагатай зурагчин.


-Өнөөгийн дижитал аппараттай зурагчидтай харьцуулахад хальсны аппарат ч амаргүй биз. Гэхдээ хальс болон дижитал үеийн гэрэл зурагчдын хамгийн гол ялгаа нь юу байдаг вэ?

-Асар их ялгаа бий шүү дээ. Хальсны аппаратаар зураг авахад ажиллагаа ихтэйн дээр 36 кадртай нэг хальснаас багадаа ашигтай 12 зураг авах ёстой. Ашиггүй кадр 12-оос бага бол зөрүүг нь төлнө. Хальс нь тооцоотой тул нүдээ аньсан байх вий гэж зураг угаахдаа санаа зовно шүү, муу зураг архивт авахгүй. Өнөөгийнх шиг шүршихгүй, шагайж шагайж л нэг дарна. Гэрэл зургийг эхлээд хальсаар авч сурвал цэгцтэй, аливааг боддог хүн болно.


Хальсаар авсан зургуудын агшин бүр үнэ цэнтэй юм. Би үйл явдлын зураг авдаг байлаа. Дарга нартай их олон явсан. Царайны хувирал, нүдний байрлалаас эхлээд бүгдийг нь нарийн тооцно. Жижигхэн ч алдаа гаргах эрхгүй байлаа шүү дээ.


-Туршлагатай гэрэл зурагчны хувьд залууст юуг зөвлөх вэ?

-Залуучуудаараа бахархаж байна. Аливаа харах өнцөг, мэдрэмж, боловсрол, ур чадвар гээд бүх талаараа сайжирсан. Тиймээс энэ эрчээ алдахгүй яваарай. Ахмад үеийнхээ зөвлөмжөөс хэрэгтэйг нь тусгаж авч, орчин үетэй уялдуулах хэрэгтэй гэж хэлье дээ. 




























関連ニュース