Ш.Абэ, Д.Трамп нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-17 14:38:39

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай уулзсан анхны гадаад улс орны удирдагч болох гэж байна.

Токиогийн хамгийн том холбоотон болох АНУ-ын цаашдын гадаад бодлогын чиглэл тодорхойгүй байгаа энэ үед буюу өнөөдөр тэд уулзах гэж байна.

Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Азийн нутаг дэвсгэрт АНУ-ын цэргүүдийг байлгахын тулд Япон болон Өмнөд Солонгос илүү ихийг төлөх хэрэгтэй” гэж байсан юм.

Мөн Япон болон Номхон далайн бүс нутгийн бусад улстай Ерөнхийлөгч Барак Обама худалдааны томоохон гэрээ байгуулсныг Д.Трамп буруушааж байв.

Дэлхийн II дайн дууссанаас хойш буюу Японы эдийн засгийг сэргээхэд АНУ тусламж дэмжлэг үзүүлснээс хойш Вашингтон болон Токио нягт харилцаа холбоотой байгаа юм.

Маргааш Перу улсад эхлэх Ази-Номхон далайн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ чуулга уулзалтанд оролцохоор явах замдаа Ш.Абэ Нью-Йорк хотод түүр саатах үеэрээ Д.Трамптай уулзах ажээ.

Г.Доржханд

関連ニュース