ДОРНОД: Улсын төсвөөс 124 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ирэх онд Дорнод аймагт улсын төсвийн 124,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ.
Тухайлбал, 22 тэрбум төгрөгөөр Хэрлэн голын модон гүүрийг төмөр бетон болгох, 59 тэрбум төгрөгөөр Чойбалсан нисэх буудлын хөөрч, буух зурвасыг шинэчлэх, 12 тэрбум төгрөгөөр Хэрлэн сумын нэгдүгээр багт 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих, 2 тэрбум төгрөгөөр БОЭТ-ийн барилгад их засвар хийх зэрэг найман төсөл хэрэгжүүлэх юм.
Ташрамд дуулгахад, Чойбалсан нисэх буудлын одоо ашиглаж байгаа зурвасыг 1971 онд
ЗХУ-ын цэргийн нисэхийн түр хорооны зориулалтаар ПАГ-14 хучилтын хавтангаар
барьж байгуулжээ. Түүнээс хойш их засвар шинэчлэл хийгээгүй өдийг
хүрсэн юм. Тус зурваст сүүлийн үеийн агаарын хөлөг буухад доргилт үүсэх,
аюулгүй байдалд эрсдэлтэй учраас сүүлийн жилүүдэд нислэгийг зогсоогоод байгаа. Шинэ зурвасыг барьж
байгуулан ашиглалтад оруулснаар нислэг тогтворжиж, эрүүл мэндийн яаралтай
тусламж үйлчилгээ авах иргэд цаг алдалгүй агаарын тээврээр зорчих боломж
бүрдэнэ.
Ulaanbaatar