Д.Трамптай Японы Ерөнхий сайд уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-18 10:15:05

НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай пүрэв гарагт уулзжээ.

Тэд орон нутгийн цагаар оройн 05:00 цагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх Трампын цамхагт уулзсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнтэй тангараг өргөхөөс нь өмнө Японы Ерөнхий сайд уулзаж байсан тохиолдол бараг байдаггүй аж.

Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Азийн нутаг дэвсгэрт АНУ-ын цэргүүдийг байлгахын тулд Япон болон Өмнөд Солонгос илүү ихийг төлөх хэрэгтэй” гэж байсан юм. Мөн тэрбээр “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ-ыг гаргана гэж байсан билээ. Уг чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдсэн улсуудын нэг нь Япон улс юм.

Япон-АНУ-ын харилцааны талаарх Токиогийн дипломат болон аюулгүй байдлын бодлогыг уулзалтын үеэр Д.Трампт Ш.Абэ тайлбарласан бололтой.

Хоёр улс хоорондын харилцааг бэхжүүлэхийн тулд Д.Трамптай харилцан итгэлцлийг бий болгохоор ажиллахаар Ш.Абэ төлөвлөж байгаа ажээ.

Г.Доржханд

関連ニュース